boldbaatarg
Loading...

Нөөцөд суурилсан эдийн засаг буюу мөнгөний системийг халахуй

Нөөцөд суурилсан эдийн засгийн үндсэн шинж юу вэ? Нөөцөд суурилсан эдийн засаг нь дараахь үндсэн шинжийг агуулна: Мөнгөний болон зах зэ...

Нөөцөд суурилсан эдийн засгийн үндсэн шинж юу вэ?
Resource_based_economy_graph_by_tzm_official

Нөөцөд суурилсан эдийн засаг нь дараахь үндсэн шинжийг агуулна:

Мөнгөний болон зах зээлийн тогтолцоо байхгүй.
Боломжтой бүхий л ажил мэргэжилтэй холбоотой хөдөлмөрийн үйл ажиллагааг автоматжуулах
Дэлхий нийтийн хэмжээнд технологийг системтэйгээр нэгтгэх
Өмчлөл гэж байхгүй. Аливаа эд хөрөнгө нийтийн өмчлөлд байна.
Өөрөө өөрийгөө тэтгэх чадвартай, нөөц баялаг хангамжийн хувьд бие даасан хотуудын систем бий болно.
Хүмүүсийн хэвийн бус, гэмт зан үйл гэх мэт асуудлыг шийдвэрлэхэд шинжлэх ухааны арга зүйг ашиглана.
Мөнгөний болон зах зээлийн тогтолцоо оршин тогтохгүй. Зах зээлийн тогтолцоо нь үр ашиг багатай, бөгөөд сөрөг нөлөө, үр дагавар ихтэй. Үүнд дараахь үндсэн бэрхшээлтэй асуудлууд бий.

Ø  Математикийн хувьд боломжгүй, экологийн хувьд сөрөг үр дагавартай эдийн засгийн хязгааргүй өсөлтийн хэрэгцээ шаардлага. Зах зээлийн тогтолцоо нь хязгаартай нөөц баялгыг ухаалагаар менежмент хийхэд биш харин ашиг орлого, эдийн засгийн өсөлт гэх мэт хийсвэр хэрэгцээ шаардлагыг хангахын тулд түүхий эдийг зогсолтгүйгээр олборлон гаргаж, үйлдвэрлэн, хэрэглэх явдалд үндэслэж байдаг. Байгаль орчинд ямар нөлөө үзүүлэх, бүтээгдэхүүний ашиглалт, хэрэглээ ямар байхаас үл хамаараад зөвхөн хүмүүсийг ажилтай байлгахын тулд бид байнга янз бүрийн бараа, бүтээгдэхүүн хэрэглэж, үйлчилгээ авч байх шаардлагатай болдог. Харин өөрийгөө тэтгэх менежменттэй нөхцөлд энэ эсрэгээрээ буюу нөөц баялгыг системтэйгээр хадгалан хамгаалах, ашиглах боломж бүрдэнэ.


Ø  Зах зээлийн тогтолцоо өөрөө авлига, хээл хахуулийг бий болгодог. Өрсөлдөөнд суурилсан зах зээлийн тогтолцоог нийгмийг хөгжүүлэгч гол хүчин зүйл гэж итгүүлдэг. Зарим талаараа энэ үнэн боловч, нийгмийн хөгжил гэхээс илүү авлига, хээл хахууль, гэмт хэрэг, санхүү банкны заль мэх, боолын хөдөлмөр, хүчирхийлэл, дайн самуун зэрэг сөрөг үр дагавар бий болох үндэс суурь болдог. Шоронд хоригдож байгаа хүмүүсийн 90 гаруй хувь нь хөрөнгө мөнгө, санхүү, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн улмаас хоригдож байдаг. Хууль тогтоомжийн дийлэнх нь эдийн засаг, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэхэд үйлчилж байдаг. Хэрэв бид өнгөрсөн түүхээ нухацтай судлан үзэж Тесла, Эйнштэйн, Бэлл, Врайт ах дүү гэх мэт манай цаг үеийн гайхамшигт эрдэмтэд, зохион бүтээгчдийн түүх намтар, оюун сэтгэхүй рүү өнгийн харах юм бол тэд агуу их үйл хэрэг бүтээх урам зоригоо ямар нэг олз ашиг, хөрөнгө мөнгөнөөс олж аваагүй болохыг олж мэдэх болно. Ашиг орлого олох хүсэл сонирхлыг нийгэмтд тустай үйл бүтээх хүсэл зоригтой хольж хутгах учиргүй.

Ø  Үр ашиг багатай үйлдвэрлэлийн тогтолцоо нь их хэмжээний нөөц баялаг, эрчим хүчийг үрэн таран хийхэд хүргэж байна. Даяарчлалын нөлөөгөөр хөдөлмөр, ажиллах хүч, бараа бүтээгдэхүүнийг өөрийн орон нутагт үйлдвэрлэн бий болгохоос илүү экспорлож, импортлох нь илүү ашиг орлоготой болжээ. Жишээ нь АНУ-д бананыг Эквадороос, савласан цэвэр усыг Японы Фүжигээс авчирч хэрэглэж байхад барууны том компаниуд хямд ажиллах хүч олж авахын тулд гуравдагч улс орнуудыг зорьж байна. Яг ийм байдлаар зөвхөн тодорхой нэг бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн бий болгоход шаардлагатай олборлолт, үйлдвэрлэлт, түгээлт нь зөвхөн ажиллах хүч, үйлдвэрлэлийн зардлаас шалтгаалан хэд хэдэн улс орныг дамжихад хүрдэг. Энэ бол дэндүү үр ашиггүй байдал бөгөөд үүнийг зардал хэмнэж байна гэдэг шалтгаар зөвхөн зах зээлийн тогтолцооны нөхцөлд л зөвтгөх боломжтой.

Нөөцөд суурилсан эдийн засгийн тогтолцоонд гол асуудал бол хамгийн дээд зэргийн үр ашигтай байдал. Үйлдвэрлэлийн процесс тархай бутархай бус харин төвлөрсөн уян хатан хэлбэрээр явагдаж бараа бүтээгдэхүүн, түүхий эдийг аль болох бага зөөвөрлөн тээвэрлэх бөгөөд ингэснээр маш их хөдөлмөр, эрчим хүчийг хэмнэнэ. Энэ тогтолцоонд хүнсний бүтээгдэхүүнийг боломжтой бүх нөхцөлд тухайн орон нутагт үйлдвэрлэх бөгөөд бусад бүх олборлолт, үйлвэрлэл, түгээлтийг аль болох бага хөдөлмөрөөр гүйцэтгэж, хамгийн бага нөөцөөр хамгийн чанартай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх болно. Өөрөөр хэлбэл үр ашгийг нэмэгдүүлж, хаягдал, алдагдлыг багасгахын тулд энэ тогтолцоог бий болгоно.......

Ø  Хуучин тогтолцоо. Өнөөгийн оршин байгаа корпорациуд, санхүүгийн тогтолцоо нь түүний зах зээлийн байр суурь, ашиг орлого, эрх мэдэлд сөргөөр нөлөөлж болохуйц нийгэмд эерэг үр нөлөөтэй аливаа шинэ санаа, үйл ажиллагааг хязгаарлах, таслан зогсооход бэлэн байдаг. Энд корпорациудын уг мөн чанар, оршин тогтох хэрэгцээ шаардлагыг нь онцлон анхаарах хэрэгтэй. Тухайлбал, хэн нэгэн хүн компани байгуулж, ажилагсад авч, өөрийн гэсэн зах зээлтэй болж ашиг орлого олж эхэлсэнээр тухайн бизнес нь тухайн хэсэг хүмүүсийн оршин амьдрах ганц арга зам нь болдог. Нэгэнт хүн бүрийн орлого тухайн бизнессээс хамааралтай нөхцөлд компанийн оршин тогтоход сөргөөр нөлөөлөх бүх зүйл тухайн хүний хувьд мөн адил аюул занал болж улмаар түүнийгээ хамгаалах хандлагыг өөрийн эрхгүй бий болгодог. Энэ бол өрсөлдөөн, тэмцэлдээний сэтгэл зүйн үндэс суурь юм.

Зах зээлийн өрсөлдөөнийг хүмүүс ихэвчлэн хэд хэдэн компани корпораци хоорондын өрсөлдөөн гэж боддог. Гэвч энэ нь үүнээс гадна шинэ дэвшилтэт техник, технологи, өөрчлөлт шинэчлэлтийн эсрэг өрсөлдөөн тэмцэл байдгийг хүмүүс олж хардаггүй. Биг Ойл корпораци АНУ-ын Засгийн газар хуйвалдаж бүрэн цахилгаан автомашиныг хэрэглэх асуудлыг зогсоож байсан нь үүний тод жишээ юм. “Цахилгаан машиныг хэн үгүй хийсэн бэ?” гэдэг баримтат кинонд энэ асуудал хангалттай хэмжээгээр баримтжиж үлдсэн байдаг.

Зөвхөн цалингийн цэсэнд нэрс нь байгаа хүмүүсийн төлөө сөрөг үр дагавартай тогтолцоог хэвээр хадгалах нь ирээдүйн хөгжил дэвшлийг хязгаарлаж байна. Хэрэв зах зээл шинэ технологийг аажмаар нэвтрүүлж компани корпорациудад шилжилт хийх боломжийг ямар нэг байдлаар олгодоггүй бол шинээр гарч ирж байгаа технооги маш хүчтэй эсэргүүцэлтэй тулгарах нь тодорхой. Тухайлбал, ашиг орлого их олж байгаа эм тариаг хэрэглээнээс шахаж чадах илүү чанар, үр нөлөөтэй эм бэлдмэлийн үйлдвэрлэл, худалдаанд саад учруулах, хязгаарлахад АНУ-ын засаг захиргаа эм үйлдвэрлэдэг корпорациудтай хуйвалдсан тухай баримт нотолгоо олон бий. Нөөцөд суурилсан эдийн засгийн тогтолцоонд аливаа бүтээгдэхүүний сорилт туршилт үр дүнгээ өгсөн нөхцөлд түүний үйлдвэрлэлийг хязгаарлах ямар ч саад бэрхшээл учрахгүй.

Ø  Өрсөлдөөнд шалгарч үлдэхийн тулд чанар муу бүтээгдэхүүн үйлдвэрлэгддэг. Бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэй холбоотой энэ байдал нь хаягдал алдагдал бий болгодог зах зээлийн тогтолцооны нэг жишээ юм. Хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангах гэдэг шалтгаар компани корпорациуд нэг төрлийн бүтээгдэхүүнийг олон төрөл янзаар байнга давхардуулан үйлдвэрлэдэг. Гэвч бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зардлыг бууруулах, зах зээл дээр өрсөлдөхүйц байх гэх мэт зах зээлийн шаардлагын улмаас бараг бүх бараа бүтээгдэхүүн анхнаасаа чанар муу үйлдвэрлэгддэг. Тухайн компани хамгийн чанартай материал, өндөр технологиор бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь бусадтай өрсөлдөхөд хэтэрхий зардал өндөр. Энэ шалтгаанаар “хамгийн бага зардлаар хамгийн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ” гэдэг зах зээлийн эдийн засгийн ойлголт үндэсгүй юм. Хүн болгон өөрийн санхүүгийн боломжоор худалдан авалт хийдгийг санах хэрэгтэй. Дэлхийн хүн амын дийлэнх нь маш бага худалдан авах чадвартай, тиймээс тэрхүү хямд бараа бүтээгдэхүүний эрэлтийг хангахын тулд чанаргүй үйлдвэрлэл явагдахад хүрдэг.

Нөөцөд суурилсан эдийн засгийн тогтолцоонд бараа бүтээгдэхүүнийг аль болох удаан хугацаагаар ашиглагдаж, хэрэглэгдэхээр, тэдгээрийг шинэчлэх, сайжруулах асуудлыг түүний загвар, дизайнтай хамтат нь шийдэх бөгөөд хаягдал бага байлгах зорилгоор дахин ашиглах боломжтойгоор үйлдвэрлэн гаргана. Стратеги бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэл гэж өмнө дурдсан. Энэ нь бараа бүтээгдэхүүнийг байгалийн нөөц баялгын бололцоонд тулгуурлан тухайн материал, түүхий эдийн элэгдэн хуучрах процесс, хортой, сөрөг үр дагавар гэх зэрэг бүх талыг харгалзан үйлдвэрлэн бий болгоно гэсэн үг. Жишээ нь үйлдвэрлэж байгаа комьпютер бүрийн эд ангид титан хэрэглэхгүй. Харин тухайн материалын олдоц, нөөц, элэгдэх хурдац, ашиглагдах хугацаа зэргийг харгалзан тохиромжтой материалыг хэрэглэх бөгөөд ийм зөв шийдлийг програмчлал, тооцоолон бодох технологийн тусламжтайгаар гаргах болно.

Ø  Эдийн засгийн өсөлт, хэт томорсон зах зээлээс шалтгаалсан монополь болон картел. Чөлөөт зах зээл нь өөрөө өөрийгөө зохицуулах чадвартай учраас монополь болон картел нь маш ховор үзэгдэл гэж эдийн засагчид үздэг. Үл үзэгдэгч гарны тухай энэ онол сургааль нь түүхэн талаас нь үзэхэд тун үндэслэл багатай болох нь харагддаг. Жишээ нь АНУ-д гэхэд майкрософт, стандарт ойл гэх мэт олон монополиуд байсан. Үгсэн хуйвалдах замаар монопол бий болгодог картелууд нь өнөөг хүртэл оршсоор байгаа бөгөөд энгийн хүмүүст энэ байдал нь төдийлэн анзаарагддаггүй. Үнэндээ ямар ч нөхцөлд чөлөөт зах зээлийн тогтолцоо энэ асуудлаа өөрөө шийдвэрлэж чаддаггүй бөгөөд үүнд нь төр оролцож монополыг хязгаарлах болдог.

Үүнээс гадна өсөлтөд суурилсан эдийн засгийн тогтолцоо оршиж байгаа нөхцөлд корпорациуд өсөн томрох нь зайлшгүй бөгөөд эцэст нь монополь болон картелд татан оруулж, улмаар эцсийн зорилго нь өрсөлдөгч бизнесээ үгүй болгоход чиглэдэг. Өөрөөр хэлбэл өрсөлдөөнд суурилсан зах зээлийн тогтолцоонд монополь болон картель нь жам ёсны үзэгдэл юм.

Ø  Зах зээлийн тогтолцоо нь хомсдол дээр оршин тогтдог. Ямар нэг бараа бүтээгдэхүүн ховор байх тусам түүнээс богино хугацаанд илүү их ашиг олж болдог. Энэ нь бараа бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг хязгаарлаж, хангалттай үйлдвэрлэхээс татгалзахад хүргэдэг. Олон арван жилийн өмнө Кимберлийн алмаазны уурхай үнийг нь нэмэгдүүлэхийн тулд олборлосон алмазаа шатааж байсан түүхтэй. 2010 оны байдлаар дэлхий дээр 1 тэрбум гаруй хүн өлсгөлөн байна. Энэ нь хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх нөөц боломжтой огт хамааралгүй бөгөөд богино хугацаанд илүү ашиг олохын тулд хомсдлыг ямар нэг хэмжээгээр үүсгэдэгтэй холбоотой. Энэ нь бараа бүтээгдэхүүний чанартай мөн адил холбоотой. Ямар нэг засвар үйлчилгээ төдийлэн шаардлагагүй бүх амьдралын хугацаанд хэрэглэж ашиглаж болохуйц тийм чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь худалдан авалт, хэрэглээг бууруулах, өсөлтийг сааруулах, ажлын байрыг үгүй болгох үр дагавартай учир зах зээлийн тогтолцоонд үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Эрэлт нийлүүлэлтийн хуулиар ямар нэг бараа бүтээгдэхүүн цөөн бага хэмжээтэй байх тусам түүний үнэ цэнэ нэмэгдэх бөгөөд үнэ нэмэгдсэнээр хэрэглээ багасч улмаар тухайн бараа, түүхий эд шавхагдан дуусах магадлалыг бууруулдаг гэж үздэг. Жишээ нь өнөөгийн нөхцөлд газрын тос дуусахгүй байгаад байх магадлал өндөр. Харин газрын тосны үнэ хэн болгон авч дийлэхээргүй өндөр үнэтэй болж газрын тосны нөөцийг эзэмшиж байгаа компаниуд хомдлоос илүү их ашиг олох болно. Өөрөөр хэлбэл нөөц баялгын эдийн засгийн үнэ цэнэ өндөр байснаар түүний хэрэглээ хязгаарлагдах асуудлыг нөөц баялгыг жинхэнэ утгаар нь хадгалахтай хутган ойлгож болохгүй. Түүхий эдийг хамгийн үр ашигтай хэлбэрээр хэрэглэж, ашиглах менежмент нь нөөц баялгыг жинхэнэ утгаар нь хадгалж хамгаалах гол арга зам байх учиртай.

Боломжтой бүх салбарт хүний биеийн хүчний хөдөлмөрийг автоматжуулахыг эрмэлзэнэ. Шинжлэх ухаан технологи хөгжиж, автоматжуулалт нэмэгдэх тусам өнөөгийн дэлхийн хүн амын хэрэгцээг хүний биеийн хүчний хөдөлмөр хангахгүй болж байна. Аж үйлдвэрийн хувьсгал эхэлсэн цагаас хойш биеийн хүчний хөдөлмөр машин техникээр солигдож улмаар янз бүрийн салбарт ажилгүйдэл бий болохыг харж байна. Үүний урт хугацаанд үзүүлэх нэг нөлөө нь ажилгүйдэл бий болсоноор худалдан авалт, хэрэглээ багасна гэж үздэг боловч машин техник бүх салбарт үр ашигтай гэдэг ойлголт давамгай байдаг. Жишээ нь АНУ-дахь төмөрлөгийн үйлдвэрлэлд  200 жилийн өмнөх үетэй харьцуулахад тухайн үед ажиллаж байсан ажиллах хүчний ердөө 5 хувьтай тэнцэх хэмжээний ажилагсад өнөөгийн төмөрлөгийн салбарт ажиллаж байгаа хэдий ч үйлдвэрлэлийн хүчин чадал, үр ашиг нь харьцуулашгүй нэмэгдсэн.

Автоматжуулалт, компьютерийн тооцоолон бодох технологи, кибернетик хөгжсөн өнөөгийн нөхцөлд нийгэмд ямар ч ашиг тусгүй ажил мэргэжилүүд байсаар байна. Автоматжуулалт хүмүүсийг хүнд хүчир ажлаас чөлөөлж, илүү чөлөөт цаг, боломж олгодог. Ирээдүйд автоматжуулалтын тусламжтайгаар хоол хүнснээс эхлээд бараа бүтээгдэхүүн хүртэл хомсдолгүй болох боломжтой. Үүний тулд бид уламжлалт хөдөлмөрийн тогтолцоог өөрчлөн халах ёстой. Өнөөгийн хөдөлмөрийн тогтолцоо нь эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, хүмүүсийг ажилтай байлгахын тулд оршин тогтдог учраас өөрөө өөрийнхөө хөгжлийг боомилогч болж хувирсан. Гэтэл автоматжуулалтын өндөр бүтээмжийг нэн тэргүүний шаардлагатай бус салбарт түлхүү хэрэглэсээр байна.

Хүний хөдөлмөрийг ашиг орлого, мөнгө хөрөнгөтэй бус харин нийгэмд өгөх тус нэмэртэй нь холбож ойлгох, тайлбарлах учиртай. Нөөцөд суурилсан эдийн засгийн нөхцөлд банк, худалдаа, даатгал, брокер, зар сурталчилгаа зэрэг мөнгө санхүүтэй холбоотой ажил мэргэжил байхгүй болно. Энэ нөхцөлд хүний бүхий л хөдөлмөр нийгэмд ямар нэг хувь нэмэр оруулж байх болно. Ямар нэг бодитой үр дүн, ашиг тус байхгүй үйл ажиллагаанд цаг хугацаа, хүч хөрөнгө зарцуулах утгагүй юм. нөөцөд суурилсан тогтолцоо бий болсноор мөнгөний төлөө оршиж байсан олон сая ажил мэргэжил байхгүй болох бөгөөд чанаргүй, хэрэгтэй хэрэггүй бараа бүтээгдэхүүн, бусдад гайхуулах, нөлөөлөх эсвэл зиндаархах зорилгоор ашигладаг, эсвэл зөвхөн ашиг орлого олоход зориулагдсан эд зүйл устан үгүй болж, үүний үр дүнд асар их нөөц баялаг, цаг хугацаа хэмнэх болно.

Зарим хүн үүнийг сонсоод уран зураг, уран баримал, хөгжим гэх мэт урлаг соёл мөн адил үгүй болох нь гэж ойлгож магадгүй. Шинэ тогтолцоонд энэ харин ч эсрэгээрээ бөгөөд хүмүүст өөрсөддөө зориулах цаг зав их гарах учраас соёл урлаг өмнө байгаагүйгээрээ хөгжих магадлалтай. Мэдээж хэрэг нийгмийн тогтолцоог илүү зөв, үр ашигтай, өөрийгөө тэтгэх чадвартай болгохын тулд бүтээн туурвих болон өөрийгөө илэрхийлэх, сонирхон судлах, танин мэдэх, зугаацан цэнгэх зорилгоор бүтээх туурвихын хооронд ялгаа бий.

Технологийн нэгдсэн систем бий болгохын зорино. Хүмүүс бид аливаа зүйлийн шалтгаан үр дагавар нь орчны тэнцвэртэй байдлаас харилцан хамаарал бүхий, нэгдмэл тогтолцоо бүхий гариг дэлхийн эко-системд оршин амьдардаг. Бид энэхүү харилцан хамаарал бүхий байгалийн жам ёсны тогтолцоог өөрсдийн нйигмийн амьдрал үйл ажиллагаанд хуулбарлан ашиглах цаг болсон. Газар зүйн хувьд дэлхийн бараг бүх хэсэгт тархан суурьшсан хүний нийгэм нь адил тэнцвэргүй бүтээн бий болгосон түүхий эд, бараа бүтээгдэхүүнийг шаарддаг. Гэвч энэхүү хэрэгцээгээ хангаж байгаа арга зам нь газар дэлхийн нөөц баялгыг өөрийн өмч мэтээр олзворлон ашилаж, бусдад худалдаж оршин тогтддог компани, корпорациуд болоод байна. Зөвхөн хувийн ашиг орлогын төлөө зарж худалддаг энэ тогтолцооноос үүдсэн асуудал бэрхшээл маш олон бий.

Сүүлийн 200 жилд хүн ам нь огцом нэмэгдсэн бөгөөд түүхий эд, нөөц баялаг нь хязгаартай гариг дээр нөөц баялгын зөв менежмент, хадгалан хамгаалалт хамгийн чухал асуудал болоод байна. Өнөөдөр 1 секунд тутамд 2 хүн төрж байна. Шинээр мэндэлсэн хүн болгон амьдралынхаа туршид идэж уух, өмсөж зүүх, амьдрах орон байр гээд маш их хэрэгцээ шаардлагатай. Энэ их хэрэгцээг хангах ажлын эхлэл нь дэлхийн нөөц баялгын бүрэн судалгаа, тооцоог гаргах явдал юм. Улмаар тухайн түүхий эдийн зориулалт, сөрөг нөлөө, дахин ашиглагдах боломж нөхцөл зэрэгт дүн шинжилгээ хийж, ашиглалт, зарцуулалт, түгээлтийн статистик дээр үндэслэн хамгийн зөв менежментийг бий болгоно. Өөрөөр хэлбэл энэ нь дээд зэргийн үр ашигтай байдал, хадгалан хамгаалалт, өөрийгөө тэтгэх чадварыг бий болгоход чиглэсэн нөөц баялгын ухаалаг олборлолт, үйлдвэрлэл, түгээлтийн нэгдмэл систем юм. Энэ нөхцөлд аливаа үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын шийдлийг хүний хийсвэр санаа бодлоор бус харин тухайн үеийн хамгийн дэвшилтэт мэдээлэл, технологи дээр үндэслэн компьютерийн тооцоолон бодох аргаар гаргах боломжтой.

Аливаа эд хөрөнгө хувийн өмчлөлд бус нийтийн хэрэгцээнд байна. Хувийн эд хөрөнгө, өмчлөлийн ойлголт бол орчин цагийн хүн төрөлхтөнд харьцангуй шинэ ойлголт юм. Неолитын үе буюу түүнээс өмнө өнөөгийн бидний мэдэх өмч, хөрөнгө мөнгө, худалдаа наймааны ойлголт байгаагүй. Тэр үед хүмүүс тухайн газар орон нутгийн байгалийн нөөц бололцоонд тулгуурлан нийтийн тэгш байдлыг хангах байдлаар амьдарч байсан. Харин газар тариалан бий болж, худалдаачид түүхий эд, нөөц баялгыг хуримтлуулж, улмаар компани, корпораци гэх мэт эрх мэдлийн бүтэц тогтолцоо бий болж эхэлсэн цагаас л өмч хөрөнгө нийгэмд үндсэн үүрэг гүйцэтгэх болсон. Үүнийг ойлгож ухамсарласнаар өмч хөрөнгө гэдэг нь хүний төрөлхийн мөн чанартай холбоотой, эсвэл өмчийг үгүйсгэх тухай ойлголт нь зөвхөн коммунизм болон Карл Марксын үзэл онолтой холбоотой гэдэг ойлголтыг үгүйсгэх боломжтой болно.

Хувийн өмчлөлыг үгүйсгэсэн коммунизмын үзэл санааны эх үндэс нь нөөц баялгыг хадгалан хамгаалах, үр ашигтай ашиглах явдал байгаагүй. Харин онол практик дээр илүү нийгэм соёлын учир шалтгаантай байсан. Эцсийн эцэст асуудлын гол нь өмчлөл биш хэрэглээ юм. Аливаа эд зүйл байхын эцсийн зорилго нь өмчлөлд байх бус харин тодорхой хэрэгцээ хангах явдал. Өмчлөл гэдэг бол хүн төрөлхтөн олон зуун жилийн туршид хэрэглээний хомсдолд байсны улмаас аяндаа бий болсон хийсвэр зүйл юм.

Нөөцөд суурилсан эдийн засагт хөдөлгөөнгүй өмчлөлөөс нээлттэй ашиглалт, хэрэглээний тогтолцоонд шилжихэд анхаарал хандуулах болно. Жишээ нь хүмүүс олон төрлийн спортын тоноглол хэрэгсэлийг худалдан авахын оронд тухайн зүйлийг түр хугацаагаар авч хэрэглээд буцаан өгдөг байх боломжтой. Ийм системийг хүний бараг бүх төрлийн хэрэгцээнд ашиглах боломжтой. Мэдээж хэрэг хувийн сонирхолдоо илүү анхаардаг, материаллаг байдалд дасч хэвшсэн хүмүүс “хэрэв би ногоон өнгөтэй, онцлог загвар дизайнтай гольфийн цохиур хүсч байхад зөвхөн цагаан өнгөтэй цохиур байвал яах вэ?” гэж маргаж магадгүй юм. Гэвч энэ бол ердөө л бодит шалтгаангүй, хийсвэр ойлголт бөгөөд асуудлын гол нь бусдаас онцгойрон ялгарах, гайхуулах бус харин тухайн эд зүйлийг хэрэглэхдээ байгаа юм.

Нөөцөд суурилсан тогтолцоо биелэлээ олсноор хувийн ашиг сонирхлыг давсан нийгэмд ашиг тустай шинэ үнэ цэнэ, ухамсар ойлголт бий болно. Тухайлбал, мөнгө, эд хөрөнгөтэй холбоотой гэмт хэрэг байхгүй болно. Учир нь мөнгө гэж байхгүй, хулгайлсан эд зүйлийг худалдах, худалдах авах гэдэг ойлголт байхгүй, эд зүйлийг авч хэрэглэх асуудал нээлттэй нөхцөлд хулгай гарахгүй. Судалгаанаас үзэхэд бидний хэрэглэж байгаа автомашин ихэнхдээ зогсоол, гараашд хадгалагдсаар ашиглагдах боломж цаг хугацаа алдагдаж, хуучирч, технологийн хувьд хоцрогддог. Харин автомашиныг хүн хэрэгцээгээрээ авч түр хугацаагаар авч хэрэглэснээр тухайн машин богино хугацаанд илүү олон хүний хэрэгцээг хангах болно.

Өнөөгийн зах зээлийн тогтолцоонд эдийн засгийн эргэлтэнд оруулах гэдэг шалтгаар чанаргүй, бараа бүтээгдэхүүнийг маш ихээр үйлдвэрлэдэг. Тэгвэл шинэ тогтолцоонд хамгийн сайн түүхий эд, материалаар хамгийн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх бөгөөд энэ нь их хэмжээний нөөц баялгийг хэмнэж, нийгэмд хангалттай бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлэх боломжийг олгоно.

Өөрөө өөрийгөө тэтгэх чадвартай бие даасан хотуудын систем. Жак Фрэско өмнө тайлбарласан үзэл санааг дэвшүүлэхийн зэрэгцээ нөөцөд суурилсан эдийн засгийн тогтолцоонд хотууд дэд бүтэц, зохион байгуулалтын хувьд ямар байж болох талаар шийдэл, загвар дизайныг боловсруулсан. Жишээ нь түүний санал болгодог нэг загвар бол тойрог хэлбэртэй хотын загвар юм. Эдгээр тойрог хэлбэртэй хотууд нь эрчим хүч үйлдвэрлэх, судалгаа шинжилгээ хийх, амралт, спорт, соёл урлагийн болон хүмүүс амьдрах бүслүүрүүдтэй байна. Тухайлбал эрчим хүч үйлдвэрлэх хэсэг хотын хамгийн захын бүслүүрт орших бол хүнсний үйлдвэрлэл төвийн бүсэд байх жишээтэй.

Үүнтэй адилаар нийтийн тээвэр, орон сууцны асуудлыг зардал, эрчим хүч бага хэрэглэх байдлаар зохион байгуулна. Энэ талаархи дэлгэрэнгүй мэдээллийг www.thevenusproject.com –оос үзнэ үү. Эдгээр хотууд нь хоорондоо мэдээлэл, технологи солилцох сүлжээ, тээвэрлэлтийн системтэй байх бөгөөд үүндээ хамгийн дэвшилтэт мэдлэг, технологийг ашиглаж, үүнийгээ шинэчлэн сайжруулж байх юм. Ийм тогтолцоо байх үндсэн шалтгаан нь мэдээж өөрийгөө тэтгэх чадвар, үр ашигтай байдал юм. гэтэл өнөөгийн зах зээлийн систем түүний уялдаа, холбоогүй, өрсөлдөөнч шинж чанар нь ийм үр дүнд хүрэх боломжийг олгохгүй байна.

Нийгэм, эдийн засгийн болон хүний сөрөг зан үйлтэй холбоотой бүхий л асуудлыг шийдвэрлэхэд шинжлэх ухааны арга зүйг ашиглана. Нийгмийн бүхий л асуудалд шинжлэх ухааны арга зүйг ашиглана гэдэг нь нөөцөд суурилсан эдийн засгийн тогтолцооны дахин дахин давтах маань мэгзэм байх учиртай. Аж үйлдвэрлэл, технологийн хувьд шинжлэх ухаан хэрэгтэй нь тодорхой. Харин хүний сэтгэл зүй, нийгмийн ёс суртахуунд шинжлэх ухаан үүнээс ч илүү үнэ цэнэтэй гэдгийг ойлгох нь чухал. Өнөөг хүртэл шинжлэх ухааныг хүйтэн цэвдэг, явцуу зүйл гэж үзэж зөвхөн үйлдвэрлэл, технологийн салбарт илүү ашиглаж ирсэн. Хүний сэтгэл зүй, зан авирыг ойлгож, түүнтэй холбоотой асуудлыг бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд шинжлэх ухааныг ашиглахад төдийлэн анхаарал тавихгүй байна.

Хүн төрөлхтний хөгжлийн явцад давамгайлах нөлөөтэй байж ирсэн шашны үзэл санаа, итгэл үнэмшлүүд нь хүмүүсийг ямар нэг байдлаар байгаль ертөнцөөс хамааралгүй, ангид зүйл гэж үздэг суурь ойлголтууд дээр хөгжиж ирсэн. Жишээ нь хүн сүнстэй, хүмүүсийн амьдралыг бүхнийг чадагч, бүхнийг харж байдаг бурхан эсвэл бүтээгч хянаж, удирдаж байдаг гэх мэт. Гэтэл үүнтэй төсөөтэйгээр хүмүүс гадаад орчноос хамааралгүйгээр өөрсдийн үйл хөдлөлөө бие даан шийдвэрлэх чадвартай мэт үзэл хандлага байдаг. Гэхдээ энэ хоёр жишээ их өргөн утга агуулгатай бөгөөд үүний эсрэг маргах уламжлал, соёлын олон шалтаг шалтгаан байхыг үгүйсгэхгүй. Энэ нь хүмүүс бид аль эртнээс л өөрсдийгөө амьд байгаль, организмаас тусдаа, онцгой амьтад гэж бодох дуртай тэрхүү бодит байдлыг өөрчлөхгүй нь тодорхой.

Гэвч хүмүүс бид огт онцгой биш, амьд байгаль ертөнцөд ямар нэг бусдаасаа онцгой тусгай зүйл байхгүй бөгөөд бүх юм өөрийн гэсэн онцлог шинжтэй болох нь цаг хугацааны явцад илэрхий болсон. Гэтэл хүн бол ургамал, мод, шавьж, тэрбүү хэл хавдрын эсээс өөр, тусгай эсвэл чухал гэж итгэх ямар ч үндэслэл байхгүй. Энэ бол зүгээр нэг орчин цагийн гоё рекламны үг биш. Харин байх ёстой хамгийн чухал логик мөн. Бид бол ердөө л амьд байгаль ертөнцийн нэг үзэгдэл юм.

Шинжлэх ухааны үндэстэй энэхүү бодит байдлыг ойлгосноор салхи модны навчийг хийсгэж нэг газраас нөгөөд аваачихтай яг адилаар хүмүүст гадаад байгаль ертөнцийн хүчин зүйлүүд нөлөөлж байдгийг бараг нотлох шаардлагагүй. Бидний зан үйл, итгэл үнэмшил үндсэндээ гадаад орчны хүчин зүйл болон генийн өгөгдлийн нөлөөллөөс шалтгаалан төлөвшдөг. Жишээ нь авьяас бол тодорхой нэг ур чадвар эсвэл зан авирын генетикийн өгөгдлийг ойлгодог. Тэгвэл гоц авьяастай төгөлдөр хуурч хүүхэд генийн давуу талгүй бусад хүүхдээс илүү хурдан сурч, чадварлаг тоглох боломжийг олгосон онцгой чанартай байх магадлалтай. Гэхдээ тухайн хүүхэд хичнээн авьяастай байсан ч яаж төгөлдөр хуур тоглохыг заалгаж сурсан л байж таарна. Өөрөөр хэлбэл ген өөрөө аливаа даалгаврыг бие даан гүйцэтгэх чадваргүй. Харин тэрхүү байгаа нөхцөл боломжийг бодит зүйл болгох үйл явцыг өдөөх, эхлүүлэх гадаад хүчин зүйл зайлшгүй хэрэгтэй.  

Асуудлын гол нь энэ нөхцөл байдлыг ойлгон ухамсарласнаар нийгэмд оршиж байгаа хэвийн бус, сөрөг зан үйлийг хязгаарлах, таслан зогсоох боломжтой болох нь батлагдсан явдал юм. Гадны хүчин зүйлээс шалтгаалан өөрчлөгдөх хүний нөхцлийг ойлгосноор тэдгээр орчин тойрны нөлөөллийг өөрчлөх, арилгах арга зам нь логик байх болно. Жишээ нь олон хоног огт хоол унд өгөөгүй нохой түүнд ойртсон хүнд ямархуу реаци үзүүлэх нь тодорхой. Хүмүүс бид ч бас үүнтэй адил зан авирын шинжтэй.

Хэрэв хүүхдэд арьс өнгөөр ялгаварлах үзлийг зааж сургачих юм бол тэр хүүхэд буруу үзэл бодлыг насан туршдаа хадгалж явах магадлал их бий. Хүний итгэл үнэмшил, үзэл бодол түүний гадаад орчин нөхцлийн үр нөлөө юм. Нөөцөд суурилсан эдийн засаг бүхий нийгэмд хэн нэгнийг сөрөг зан үйлийнх нь төлөө ял оноож шийтгэх бус харин ийм зан үйл гаргах болсон нөхцөл шалтгааныг нь арилгахад чиглэнэ.

Нөөцөд суурилсан эдийн засаг бүхий нийгэмд хүн амын өсөлтийг хэрхэн зохицуулах вэ?

Дэлхийн түүхэн дэх хүн амын өсөлтийг харахад зөвхөн сүүлийн 100 жилд хүн ам хамгийн ихээр огцом өсөн нэмэгдсэн байдаг. 2010 оны байдлаар дэлхий дээр 1 секунд тутамд 2 хүн шинээр төрж байна. Хүн ам ингэж нэмэгдсэний үндсэн шалтгаан нь өсөн нэмэгдсэн эрчим хүч, ялангуяа нүүрс, газрын тосны болон хүнс, хоол бусад бүтээгдэхүүнийг их хэмжээгээр үйлдвэрлэн бий болгох боломжийг бий болгосон шинжлэх ухаан, технологи юм. Үүнээс гадна боловсрол, соёлтой холбоотой нөхцөл шалтгаан ч бас бий.

Мэдээж хэрэг хүн ам зогсолтгүй огцом ихээр нэмэгдэх нь сайн биш. Нөөц баялаг нь хязгаартай орчин нөхцөлд амьдардаг, уг нөөц баялагт шүтэн амьдардаг ямар организм хязгааргүй үржин олшрох боломжгүй. Манай гариг бол үндсэндээ хязгаартай, хаалттай тогтолцоо юм. Дэлхий дээрх 4400 төрлийн эрдэс бодис хэдэн зуун саяаас хэдэн тэрбум жилийн хугацаанд бүрэлдэн тогтсон бөгөөд тухайн эрдэсийг бид олборлон хэрэглэснээр богино хугацаанд устан үгүй болдог. Хэдийгээр дэлхий дээр илүү олон тэрбум хүн амьдрах боломжтой боловч байж болох хэмжээнээс хэтэрсэн нөхцөлд технологийн тусламжтайгаар өөр гаригт шилжин суурьших боломж гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ яг одоо энэ бол ердөө л мөрөөдөл төдий зүйл. Тиймээс бид яг одоо л хариуцлагатай байж нөөц баялаг нь хязгаартай гариг дэлхий дээрээ өнөөгийн техник, технологийн боломжийн хүрээнд нийцүүлэн хэрхэн үржин олшрох талаар илүү нухацтай бодох хэрэгтэй байна.

Одоо зарим нэг нөхцөл шалтгааны тухай хэдэн зүйл хэлье. Энгийн логикоор бодоход хамгийн баян, хөгжингүй улс орны хүн ам илүү их өсөн нэмэгдэх боломжтой. Гэтэл бодит байдал дээр энэ эсрэгээрээ буюу хамгийн их ядууралтай орнуудад хүн ам илүү их нэмэгдэж байна. Үүнтэй ижил төстэй нөхцөл байдал тодорхой нэг улсын нийгэмд ажиглагддаг. Жишээ нь АНУ-д гэхэд хамгийн баян, хөрөнгө мөнгөтэй айлууд ядуу, боломж багатай айлуудаас цөөн хүүхэдтэй байх жишээтэй. Тиймээс хүн амын өсөлт нь дангаараа эрчим хүч, нөөц баялагтай хамааралтай биш юм. Үнэндээ энэ нь ядуу буурай орнуудад дутагдаад байгаа зөв итгэл үнэмшил, чанартай боловсролтой илүү холбоотой юм.

Шашны сургааль, итгэл үнэмшил, ахуйн болон үндэстэн ястны хуучин ёс заншил, уламжлал, мөн үр хүүхэдтэй болохын жинхэнэ учир шалтгааныг мэддэггүй, үл анхаардаг байдал нь хүн амын хэт өсөлтийн гол хүчин зүйл болж байна. Өөрөөр хэлбэл хамгийн чанартай боловсролын тогтолцоотой, баян, хөгжингүй орнууд нь дэлхийн хүн амын өчүүхэн хувийг л эзэлдэг.

Нөөцөд суурилсан эдийн засгийн тогтолцоо биелэлээ олж хүнс хоол, бараа бүтээгдэхүүн элбэг дэлбэг, хангалуун болсоноор хүн амын огцом өсөлтийг бий болгох мэтээр боддог. Гэвч ийм зүйл болохгүй. Учир нь ядуу буурай орнуудад жирэмслэлтээс хамгаалах эм, хэрэгсэл дутмаг байдгийг эс тооцвол энэ асуудлын гол шалтгаан нь хүмүүсийн боловсрол мэдлэгтэй холбоотой. Нөөцөд суурилсан эдийн засгийн нөхцөлд жирэмслэлтээс хамгаалах олон арга замыг бий болгож, хэрэглээг нэмэгдүүлэхээс гадна маш чанартай боловсролыг өгөх болно. Хүмүүс бидэнд байгалиас заяасан хамгийн гайхамшигтай нөөц баялаг бол бидний оюун ухаан. Тиймээс энэ нөөц баялгийнхаа боломж бололцоог нэмэгдүүлж ашигласнаар хүн бүр шинэ тогтолцоонд хувь нэмрээ оруулах болно.

Эх сурвалж : http://thezeitgeistmovement.mn/index.php?option=com_content&view=article&id=73&Itemid=83
Zeitgeist 3134977715038168345

Post a Comment Default Comments Disqus Comments

Сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа

emo-but-icon

Home item

Total Pageviews

Followers

Find me on Facebook

Popular Posts

Google+